2011-01-04

С.Өлзийбаяр - ИХ МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Хураангуй
Монголчуудын төдийгүй дэлхий дахины төрт ёсны уламжлалын түүхэнд хамгийн тодоор үлдсэн ул мөр бол Эзэн Богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс юм. Дэлхий дахинаа хоёрдох мянганы сод хүн Чингис хаан түүхэнд мөнхөрч өнөөгийн бидэнд өнгөрснийг сануулж, ирээдүйг зөгнүүлж байна. Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан тэмдэглэх цагийн бүтээн байгуулалтаар залгамжлуулан өрнүүлж, өнгөрсөн ба ирээдүйг залган зангидах нь өнөө цагийн бидэнд үүрэг болон оногджээ. Би энэхүү сэдвийг сонирхон судлахдаа Чингис хааныг зөвхөн түүхэн жанжины хувьд бус аугаа том сэтгэгч, шилдэг менежер, мэдээллийн системийг үндэслэгч байсан түүхэн хүн гэдэг талаас нь хүргэхийг хичээлээ.

Оршил
Өднөөдөр XXI зууны улс орнуудын хөгжлийн чухал түлхүүр нь мэдээллийн сүлжээ, мэдээллийн технологи гэдэгтэй хэн ч маргахгүй болжээ. Тэртээ XIII зуунд Монголын нүүдэлчид дэлхийн талыг эзэлсэн, эзэлсэн улсынхаа хөгжил цэцэглэлтийг тэтгэсэн, Их гүрний өдөр тутмын амьдралыг шуурхай удирдан хөтлөх нүсэр хэргийг амжилттай хэрэгжүүлж байсны нууц нь өндөр зохион байгуулалт бүхий мэдээллийн тогтолцоог буй болгож хэрэглэсэн явдал болно.
Орчин үеийн онолоор мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, түгээхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны нийлбэр цогц юм. Мэдээллийн систем нь дотроо 5 сегментээс тогтох бөгөөд тэдгээр нь тухайн системийг тодорхойлдог байна. Эдгээр дэд болон дэд бус системүүд нь Их эзэн Чингис хааны үед байсан төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн төгс систем байсан тухай Японы түүх бичлэгт үлдсэн байдаг. (Окада 2002;296)
Би энэхүү сэдвийг сонгон авч судлахдаа юуны түрүүнд XIII зууны монголчууд бидний цоо шинэ хэмээн үздэг мэдээллийн системийн удирдлагад нарийн мэргэшсэн менежерүүд байсан төдийгүй мэдээлэл холбооны анхны салбарыг дэлхийд хөгжүүлсэн аугаа билигт vндэстэн гэдгийг харуулахыг зорьсон юм.

Чингис хаан ба түүнээс өмнөх үеийн мэдээллийн систем
Хүннү гүрний үеэс өртөө, улаа үүссэн гэж түүхчид үздэг байна. Хүннүчүүд өртөө улаа ашиглан хэл дамжуулж байсан мэдээ баримт түүх шастирт цөөнгүй гардагын нэг нь: Хятадын Хан улсын хаанд элч илгээж <<Хэрэмнээс хойшхи нум сум агсагчдын улсыг би захирсугай, Харин хэрэмнээс урагши дээл малгайтны улсыг чи мэдтүгэй>> (Сүхбаатар 2000; 97) гэж хэлүүлэхдээ өртөөг ашигласан нь түүхэн баримт юм. (Жү Яао тин 2003;56) Хүннү гүрний залгамж улсуудад, тухайлбал түрэгүүд газар нутгийн хувьд томорсон учир тэд өртөөг сайжруулан хойд урд зүгийг холбосон 68 өртөө байгуулж байсан ба Хятан буюу Да Ляо улс ч муж хэсгүүдтэй шуурхай холбоо барих зорилго бүхий өртөө улаатай байсан тухай түүхчид тэмдэглэсэн байдаг. (Пэрлээ 1959) Ингэж өртөө улаа нь улам бүр хөгжин боловсронгуй болсоор 13-р зуунд Монголын Эзэнт гүрний үед Номхон далай, Ява суматрын арлаас Европыг хүртэл хамарсан харилцаа холбооны нэгдсэн хүчирхэг сүлжээг Монголчууд байгуулж чаджээ. Энэ тухай Солонгосын Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” номондоо: <<20-р зууны их ололт болсон нэг сүлжээ, нэгдсэн холбоо болох “Интернэт”-ийг бий болохоос даруй 700 жилийн тэртээ дэлхий даяар хамарсан харилцаа холбооны нэгдсэн сүлжээг монголчууд байгуулжээ>> хэмээн сайшаан дүгнэсэн байдаг. (Ким Жон Рэ 2002;8)
Харилцаа холбооны буюу өртөөний найдвартай ажиллагааг хангах арга замаа Чингис хаан сайтар бодож боловсруулсан болох нь МНТ болон бусад сурвалжуудын мэдээнээс ажиглагддаг. Орчин үеийн коммуникаци?-ийн онолоор мэдээллийн тасралтгүй, хэвийн урсгалд саад болдог олон хүчин зүйлсийн нэг нь мэдээлэл дамжуулах явцад гардаг утга зүйн гажилт юм. Дамжуулж буй мэдээлэл ямар нэгэн утга зүйн гажилтгүй дамжуулагдахын учир ихэвчлэн мэдээллийг элчид шүлэглэсэн байдлаар цээжлүүлж илгээдэг байжээ. Энэ нь бас мэдээллийн нууцыг чандлахтай холбоотой байжээ.
1204 онд Чингис хаан Наймантай байлдан дараад, уйгар бичээч Тататунгааг олзлон авч, түүнд бичгийн эрдмээ хан хөвгүүддээ зааж сургахыг даалгасан байна. Үүнээс хойш Монголд хэд хэдэн монгол бичгийн сургууль байгуулагджээ. Энэ нь Чингис хааны харилцаа холбоонд дан ганц элчээр цээжлүүлэн дамжуулдаг байсан мэдээллийг бичгийн хэлбэрээр дамжуулах бололцоотой болгосон байна.
Монголчуудын холбоо мэдээллийн сүлжээ болох “Өртөө” нь сүлжээний найдвартай ажиллах дэд системүүд болох хүн хүч, уналга-адуу мал, зам, буурчийн газар, хоол хүнсний хангамжийн зохион байгуулалт нь маш сайн байсныг судлаач нар нэгэнт тодорхойлсон байдаг. (Хүүхэнбаатар 1964;14) Мэдээлэл зөөгч нь өөрийн улаач болохыг баталгаажуулсан гэрэгэ хэрэглэдэг байсан нь Эзэнт гүрний нутагт саадгүй зорчих бүрэн эрхтэйн гэрчилгээ байжээ.
Тэр үед мэдээлэл гажих явдал нь тун ховор. Хэрэв буруу дамжуулбал толгойгүй болдог байжээ. Улаачийг саатуулбал мөн адил шийтгэлтэй учир хэн боловч хууль журмыг ёсчлон дагаж мөрддөг байсан нь харилцаа холбооны зохион байгуулалтыг сарниулах үндэс үгүй болгожээ. Чингис хааны харилцаа холбооны зохион байгуулалт орчин үеийн зарим системээс илүү хурдтай байсан түүхэн баримт бас байдаг. Хаа хол өмнөд хятадын нутагт болж байгаа байлдааны ажиллагааны мэдээ хэдхэн цагийн дотор их эзэн хаанд хүрч байсан тохиолдол ч байв. Ийнхүү мэдээг нэн түргэн шуурхай дамжуулахдаа утааг ашигладаг байжээ. Чингэхдээ бараа бараагаа харалцсан өндөр уулсын оройд өртөөчлөн урьдчилж бэлдсэн элдэв зүйлсийг шатаан, утаагаар нь олон янзын мэдээллийг дохио болгон дамжуулдаг байжээ. Аргалын утаа, модны утаа, тос нэмсэн утаа, их утаа, бага утаа, өтгөн утаа, шингэн утаа тэр ч байтугай чонын баасыг хүртэл уйгуулдаг1 байсан хийгээд тэдгээр нь тус бүрдээ тодорхой мэдээллийн код байсан бололтой.
Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн Их гүрнийхээ төрийн хэргийг түүртэлгүй түргэн шуурхай удирдан жолоодож байсны гол нууц нь өндөр зохион байгуулалт бүхий мэдээллийн тогтолцоог бий болгож хэрэглэсэн явдал билээ.

Чингисийн дараах үе дэх Монголын эзэнт гүрний мэдээллийн систем
Өгөдэй хаан ор сууснаас хойш өртөөний зохион байгуулалтанд чанарын томоохон өөрчлөлт орсон нь урьд байсан уургын улааг байнгын өндөр зохион байгуулалт бүхий өртөөгөөр халж, шинэтгэл хийсэн явдал юм. Энэ тухай доктор Х.Пүрэвдагва “Чингисийн менежмент” номондоо чанарын шинэ өөрчлөлт хэмээн дүгнэсэн байна. (Пүрэвдагва 2005)
МНТ-нд 279§-д өгүүлснээр:
“Бас элч нарыг одоо байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл их байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж, элч нарыг олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчилэн давхихгүй, гагцхүү өртөө замаар явах болгоё” хэмээжээ. (МНТ 279;282) “Basa bida elčin qavurulun ulus bituγulun orosiγulun ћug ћug –un minγad minγada- ača žamčin ulaγačin γarγaћu saγrid saγrid žam talbižu elčin –i qadaγa ugei ulus(i)- jar ulu bituγulun ћam(i)- jar qaγulaγasu bolgu-ju.” (Сумъяабаатар 1990; 877)
Уургын улаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан эзэнт гүрний их үйл хэргийг шуурхай хэрэгжүүлэхэд эзлэгдсэн газар орны онцлог, хүн амын иргэнлэг /суурьшсан/ шинж, аж ахуй зэргээс шалтгаалан урьдынхаар явуулах боломжгүй болж, хоцрогдож эхэлжээ. Цаг хугацааны хувьд удаан, зардал чирэгдэл ихтэй, байнгын бус шинжтэй, мөн тогтоосон журам, тодорхой маршрут үгүй байсан нь тухайн цаг үеийнхээ шаардлагыг хангахгүй болсон байна.
Өгөдэй хаан энэ бүгдийг засаж, журамлах зорилгоор шинэ зохион байгуулалт нэвтрүүлжээ. Юуны өмнө байнгын өртөөний тодорхой чиглэл тогтоон түүний дагуу  зам харгуйг засаж янзлан суурин өртөө байгуулах, түүний оршин тогтнох нөхцөл, зардал чирэгдэл, унаа, хэрэгслийг бэлтгэх гээд олон ажлуудыг хийсэн байна.  Өртөөг байгуулах их үйлс эзэнт гүрний хэмжээнд нэгэн зэрэг эхэлж, зах хил хязгаар бүрээс шуурхайлан бие биесээ угталцуулан байгуулжээ.(MНТ 279;283) Үүний үр дүнд эхэндээ 37 суурин өртөө байгуулагджээ. Үүгээр зогсохгүй өртөөний зохион байгуулалтын зарчим, замчин, улаач, өртөөний бусад хэргийг хамаарсан тодорхой мэргэшил бүхий хүмүүсийг  буй болгож, тэдэнд зориулж тусгай хууль дүрэм боловсруулсан ажээ. Жишээ нь:  <<Улааны морь, шүүсний хонь саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэргийг тогтсон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтлоно>> хэмээн “Их засаг” хуулинд зааснаас тодорхой ажээ. (Бор 2005;14)  Ийнхүү энгийн уургын улаа нь өртөө улаа эрхлэх байнгын мэргэжсэн хүмүүстэй, мал сүрэг, эд хөрөнгийн байнгын эх үүсвэртэй, төрөлжсөн үйл ажиллагаа бүхий анхны харилцаа холбооны салбар болон хувирсан байна. Бүрэн бус мэдээгээр суурь бүхэнд 20 хүн ажилдаг төдийгүй зөвхөн улаа ч гэхэд л 740 хүн тогтмол ажиллаж байсан байна.
Эзэнт их гүрний нийт нутаг дэвсгэрийг  сүлжсэн 1500 гаруй өртөө бүхий сүлжээ байсан гэж түүхчид тогтоосон. Хоёр өртөөний хоорондох зай дунджаар 30км (Цэвэл 1966) гэж тооцвол өртөөний нийт урт 45000км болно. Өртөөгөөр дамжсан мэдээлэл хамгийн дөт замаар, хамгийн богино хугацаанд хүргэгдэх учиртай. Иймээс тухайн үеийн их гүрний өртөөний зохион байгуулалт  цацраг хэлбэртэй байжээ. 
Чингис хааны  Энэхүү өртөөний хурд нь орчин үеийн техниктэй тухайлбал хурдан галт тэрэгтэй ойролцоо хурдтай байсан тухай Ж.Бор “Монголын түүх ба хар хайрцагны бодлого” номондоо дурьдсан  байдаг (Бор 2005;14)
Мөн Хубилай хааны үед буюу Их Юань гүрний үед өртөөний зохион байгуулалт улам сайжран, хөгжиж байжээ. Энэ тухай Хубилай хаанд алба хашиж байсан Италийн жуулчин Марко Поло “Ертөнцийн элдэв сонин хачин” номондоо бичиж үлдээжээ. Тэрээр бичихдээ <<Их хааны элч Ханбалик хотоос гарч аль ч замаар 25 бээр явж өртөөнд очих бөгөөд, тэрхүү өртөө нь унтаж амрах гэр, 400 морьд бэлэн байх бөлгөө>> хэмээжээ. (Тухайн үед өртөөний нийт морьдын тоо стратегийн хувьд нууц байсан төдийгүй их хаанд ирсэн баримтаас үзвэл 2 бум байсан бололтой) (УБ.:1997/N3(29) х.41-43) Монголчууд өртөөгөөр илгээгдэх захидалын дээд буланд өд хавчуулбал шувуу шиг нис, туурай зурвал морины хурдаар довтолго гэх мэтчилэн мэдээний кодтой байжээ. (Ким Жон Рэ 2002;8) Түүнчлэн Өгөдэй хаан өөрийн хийсэн сайн муу үйлсийн өртөөний тухай хэсэгт: “Зүг зүгийн сууринд мэдээлэгч захирагч нарыг тавьж, улс иргэнийг гар газарт, хөл хөсөр болгож амар түвшин болгов.>> (МНТ 279§) хэмээсэн нь тухайн цагт мэдээлэл холбоог өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбогдуулан гаргасан маш чухал арга хэмжээ байжээ. 

Монголын эзэнт гүрний мэдээллийн системийг орчин үеийн коммуникацийн онол, арга зүйн үүднээс тайлбарлах нь
Орчин үеийн онолоор Мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг цуглуулах боловсруулахад оролцож буй хүчин зүйлүүдийн цогц юм. Мэдээллийн систем нь дотроо таван дэд системийг агуулдаг:
1.    Техник хангамж буюу мэдээллийн сүлжээний үйл ажиллагаанд шаардагдах хэрэгсэл төхөөрөмжүүд 2.    Программ хангамж буюу мэдээллийн сүлжээний дэд системүүдийг удирдах удирдлагын багц
3.    Процедур буюу системийг ашиглах талаар хүмүүст таниулах үүрэгтэй зааврууд бүхий бичиг баримтууд
4.    Өгөгдлийн сан буюу хоорондоо холбоо бүхий мэдээ мэдээллүүдийн цогц
5.    Хэрэглэгч
Тэгвэл энэхүү дэд системүүд 13-р зуунд байсан эсэх нь маш сонирхолтой бөгөөд үүнийг судлан үзвэл:
1.    Техник хангамж буюу мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь сайн хүлэг морь, мэдээлэл зөөгч буюу улаач, мэдээлэл зөөгч нь мөн гэсэн гэрэгэ(пайз) зэрэг болно.
2.    Программ хангамж буюу мэдээллийн сүлжээг удирдах удирдлагын багц нь их эзэн хаан болон есөн өрлөг, шадар сайд болон зөвлөхүүд болой.
3.    Процедур буюу системийг ашиглах тухай тайлбар баримт бичиг нь тухайн үеийн бүх үйл хэргийг агуулж байсан “Их яса” буюу “Их засаг” хууль байжээ. Улаач буруу мэдээ дамжуулах буюу улаачийг саатуулбал толгойг нь авна гэж “Их засаг” хуулинд заасан байдаг.
4.    Өгөгдлийн сан буюу мэдээллийн цогцод дайлаар мордох гэж буй  улсын тухай мэдээлэл, газрын байц, усны нөөцийн асуудал мөн дайтах найрамдах тухай гэрээ, Худалдаа арилжаа явуулах гэрээ гэх мэт  зүйлээс бүрдэж байв.
5.    Хэрэглэгч буюу эзэнт гүрний хаадууд, сайд, түшмэд, мэргэн зөвлөхүүд суурингуудын захирагч нар  ба энэхүү мэдээллийн баазад тулгуурлан их хуралдайг явуулж дайн байлдааны үйл ажиллагааг зохицуулдаг байжээ.
Мэдээллийн системийн тухай ярихад удирдлагын зохион байгуулалтын бүтцийн талаар судлалгүй өнгөрч үл болно. Учир нь, удирдлагын зохион байгуулалтын бүтэц ямар байхаас хамааран мэдээллийн дамжуулалт, бүрэн бүтэн байдал, ач холбогдол, шийдвэрт нөлөөлөх нөлөөлөлийн хүч тодорхойлогддог билээ. Удирдлагын зохион байгуулалт нь дэд системүүдийн харилцан хамаарал тэдгээрийн тогтвортой хэлхээ холбоогоор илэрхийлэгддэг билээ. Тэгвэл эдгээр дэд системүүдийн харилцан хамаарлаар дамжуулан Чингис хааны үеийн удирдлагын зохион байгуулалт ямар байсан, энэ нь мэдээллийн системд хэрхэн нөлөөлж байсан талаар сонирхож үзье.

Чингис хааны удирдлагын систем
Түүхчид монголын удирдлагын зохион байгуулалтыг бүр Хүннү нарын үеэс системчлэгдсэн гэж үздэг тал байдаг. Гэвч орчин үеийн менежментийн ухааны үүднээс хандвал Хүннүгийн үеийн тогтолцоо нь баттай шинжийг олоогүй хэврэг байжээ. Хүннүгээс уламжлалтай аравтын буюу цэрэг-иргэний зохион байгуулалт нь монгол нутаг дахь нүүдэлчдийн төр улсуудын удирдлагын зохион байгуулалт нь нүүдэлчдийн аж амьдралд тохирсон нарийн систем байжээ. Үүнийг Чингис хаан Их монгол улс, цаашлаад эзэнт гүрний хэмжээнд улам бүр төгөлдөржүүлэн хөгжүүлсэн билээ. Тэрхүү бүтэц ихээхэн уян хатан шинжтэйн дээр туйлын зохимжит шатлалтай байсан нь менежментийн орчин үеийн ойлголтоор бол дасан зохицох /adaptation/ өндөр чадвар, цөөн шатлал бүхий уян хатан шинж, шийдвэр хүргэх-гүйцэлдүүлэх, гэдрэг холбооны хурд нэн өндөртэй нарийн бүтэц-зохион байгуулалт байжээ.
Орчин үеийн онолоор удирдлага зохион байгуулалтын түвшин дээшлэх дутам удирдах норм багасч байх ёстой гэсэн үзлийг судлаачид түлхүү баримталдаг. Гэтэл 1206 оны Их Монгол улс хийгээд хожмын Монголын эзэнт гүрний удирдлагын норм нь бүх түвшиндөө ижил “Ес” байсан юм. Чингис есөн өрлөгөө, есөн өрлөг нь есөн мянганы ноёдыг, тэд мянгатын ноёд нь есөн зуутын ноёдоо, есөн зуутын ноёд нь өөрсдийн есөн аравтыг буюу тэдгээрийн есөн захирагчыг эрэмбэлэн захирдаг байжээ. Энэхүү эрэмбэлэг шугаман холбоо нь захирагчдагчын байрнаас хандвал нэгийг харьцах нь нэг буюу нэг хүн нэг даргад л шууд /бусад дээд эрэмбэ дэх ноёдод дам/ харъяалагдаж байв. Энэ нь үүрэг хариуцлага цалгардах, олон даргын даалгавар нэгэн зэрэг хүлээх  /хариуцсан асуудлын даац/ асуудалгүй тэгш, басхүү төгс систем байж Монголын эзэнт гүрний амжилтын гол үндэс, бүтэц зохион байгуулалтын гол багана /structure/ нь болжээ.
Түүгээр ч зогсохгүй Чингис хааны үеэс эхлэн түүний дараах залгамжлалд мэргэжлийн удирдлагат дулдуйдсан удирдлагын зохион байгуулалтыг түлхүү хэрэглэж байсан байна.
Орчин үед удирдлагын зохион байгуулалтын бүтцийг хавтгайн сэтгэлгээгээр дүрсэлж, баримт болгон буулгахдаа дээд, доод, дунд гэсэн үндсэн гурван хэсэгтэй, хэсэг бүрийн үйлдэгчийг дөрвөлжин дүрсэнд хашин хоорондын холбоог шугаман удирдлагын харилцаа илэрхийлэх бүтэн шугамаар холбон харуулдаг.
Удирдагч 
Зураг 1. Орчин vеийн удирдлагын зохион байгуулалт
Аливаа систем бол огторгуйн ойлголт бөгөөд огторгуйн системээр дүгнэн бодвол Чингисийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц бол их эзэн хаан бүхий нь өнөөгийн төр төвтэй удирдлагын тогтолцооны үндэс байжээ. 
Өртөө
Зураг 2. Чингис хааны удирдлагын зохион байгуулалтын бvтэц
Орбит бүр дээр есөн биет байж тойрон хөдлөх ба биет бүр есөн жижиг системийн болон орбит үүсгэнэ. Эцэстээ бүтэн дүрс нь огторгуйн бөмбөлөг хэлбэр бүхий нэгэн цогц болно. Удирдлагын ийм тогтолцоо нь төвөөс элемент хүртэлх зай нь аль ч орбитэд адил буюу, аль ч түвшинд харилцан хамаарлын хүч адил, мэдээлэл хүргэх хугацаа ижил, нэгэнт огторгуйн систем учир байнгын хөдөлгөөнд оршиж бүхэл цул нэгдлээ гадаад орчины нөлөөнд өөрийн төрхөө алдахгүй байх давуу талтай. Энэхvv тогтолцооны давуу талыг ертeнц дахины таталцалын хvчны хууль ёсоор аливаа биеийн хоорондох таталцлын хvч нь тэдгээрийн хоорондох зайн квадратад урвуу пропорционалиар буурна гэсэн хуулиар батлавал.
Өртөө 
М – нь удирдагчаас гарч буй чанартай мэдээлэлийн тоо.
м - удирдуулагчын өгч байгаа чанартай мэдээлэлийн тоо
R – нь удирдагч удирдуулагчын хоорондох удирдлагын зай
Өртөө  нөлөөллийн коэффицент
Эдгээр нөхцөлөөр ёсоор хавтгай тогтолцоог авч үvзвэл  М,м нь F-ээс шууд хамаарна гэдгээс, удидагч  болон удирдуулагчаас гарч байгаа чанартай мэдээлэлийн тоо хэр их байх тусам удирдлагын тогтолцоо бат бөх харина  удирдагч удирдуулагчын хоорондох зай ихэсэх тусам тэдгээрийн хоорондох харилцан хамаарал багасч, үүрэг хариуцлагын доголдол гарах сул талтай аж. Хавтгай систем өргөжих тусмаа удирдагч удирдуулагчын хоорондох зай ихэсдэг.
Иймээс хавтгай систем нь маш хэвэрэг гэдэг нь харагдаж байна. Харин огторгуйн системийг ижил нягттай орчинд долгион зvг бvртээ ижилхэн хурдаар тархана гэсэн онол ёсоор тайлбарлавал, Чингис хааны удирдлагын норм аль ч тeвшиндee ‘9’ гэсэн нягттай,аль ч орбитдоо ижилхэн хурдаар мэдээлэл тарах  учир бөмбөлөг систем дэхь аль ч орбитдох удирдлагын нөлөөлөл ижилхэн байх нь тодорхой. Үүнээс үзэхэд бөмбөлөг тогтолцоо нь удирдлагын зeв шийдэл болох нь харагдаж байна. Иймээс энэхүү монгол хүний гуравтын сэтгэлгээнд тохирсон бөмбөлөг тогтолцоог бид бүх түвшиний удирдлагад нэвтрүүлэн ашиглавал маш зүйтэй мэт санагдана.
Монголын их байлдан дагуулалын үр дүнд монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар бусад ард түмнүүдэд ихээхэн хэмжээний хохирол сүйрэл учруулж байсан ч нөгөөтэйгүүр тус тусдаа оршин байсан улс орнуудыг нэгтгэн, үндэстэн хооронд зөрчилгүй болгож, өрнө дорнын эдийн засаг болоод нийгэм соёлыг даяарчилан хөгжүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлжээ.
Дүгнэлт
Эзэн хаан, албат иргэд, нутаг дэвсгэр, засаг захиргаа, хууль цааз, төр ёс, хэл соёл, үсэг бичиг гээд бие даасан төр улсын бүрэн шинжийг агуулсан их соёлыг Чингис хаан тэргүүдтэй Монголчууд XIII зуунд цогцлоожээ. Чингис хааныг аугаа их түүхэн суут хүн гэж нэг хэсэг нь хүлээн зөвшөөрдөг ч, ихэнхдээ их байлдан дагуулагч, морьтон баатрын дүрээр /image/ л харсаар билээ.
Цагийн шалгуураар түүний хийсэн түүхэн үйл хэрэг зүгээр нэг байлдан дагуулал бус харин Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтнийг  нэгтгэсэн, нэгэн улс гэрийг байгуулж шашин, шүтлэг алагчлалгүй энхжин жаргуулах их гэгээн хүслийг гүйцэлдүүлэхийг зорилго болгосон аугаа их хүн байсан гэсэн үзэл хандлага сүүлийн жилүүдэд ихэд хөгжиж буй нь монголын болон гадаадын эрдэмтдийн бүтээлүүдээс ажиглагдаж байна. Үүний нэг том нотолгоо нь АНУ-ын Вашингтон пост сонин “Чингис хааныг хүн төрөлхтний II мянганы их хүнээр тодруулсан” явдал бөгөөд өдгөөх дэлхий дахины глобалчлал буюу бид бүхний даяарчлал хэмээн өгүүлсээр буй их үйлийн үндсийг 800 жилийн тэртээ Чингис хаан тавьсан болох нь дэлхийн түүхийн, тухайлбал тухайн үе дэх өрнө дорныг холбосон нийгэм, эдийн засаг, соёлын нэгдсэн сүлжээ-систем, газар зүйн их нээлт гээд олон үйл явдлын үр дагавар, хоорондын харилцан нөлөөлөл зэргээс харагдсаар байна. Хүн төрөлхтний түүхэн эерэг ач холбогдол бүхий Чингис хааны байгуулсан энэхүү их үйл хэргийн гол үндэс суурь нь хамгийн оновчтой, өндөр зохион байгуулалт бүхий мэдээллийн тогтолцоог бий болгож хэрэглэсэн явдал билээ.
Чингис хааны байгуулсан Их Монгол улс, цаашлаад Монголын эзэнт гүрний төрийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг авч үзвэл ихээхэн уян хатан шинжтэйн дээр туйлын зохимжит шатлалтай байсан нь менежментийн орчин үеийн ойлголтоор бол дасан зохицох /adaptation/ өндөр чадвар, цөөн шатлал бүхий уян хатан шинж, шийдвэр хүргэх-гүйцэлдүүлэх, гэдрэг холбооны хурд нэн өндөртэй нарийн бүтэц-зохион байгуулалт байжээ.
Их Монгол улсын удирдлага, зохион байгуулалт нь хаан-төр төвт бөмбөрцгөн хэлбэр бүхий бүтэцтэй байжээ гэж үзэж байна. 
Чингис хааны удирдлагын норм аль ч төвшиндөө ‘9’ гэсэн нягттайн дээр аль ч орбитдоо мэдээлэл ижил хурдаар тардагийн учир бөмбөлөг систем дэхь орбит бүхэнд удирдлагын нөлөөлөл ижил хийгээд энэ нь удирдлагын онол арга зүйг шинэ түвшинд гаргасан хэрэг ажээ. Иймээс энэхүү монгол хүний гуравтын сэтгэлгээнд тохирсон бөмбөлөг тогтолцоог өдгөө бид бүх түвшиний удирдлагад нэвтрүүлэн ашиглавал зүйтэй мэт санагдана.
Ер нь Монголчууд хэзээ ч олон тоонд дулдуйдаж амжилтанд хүрч байсангүй, харин эв нэгдэлтэй байж, билиг оюуныхаа хүчээр их эрчимийг олж, хүчирхэг их эзэнт гүрнийг цогцлоон байгуулж чаджээ.
Эзэн богд Чингис хааны хэлсэн “биеийн хүчээр ганцыг ялъюу, оюуны хүчээр олныг ялъюу” хэмээсэн нь зүгээр нэгэн үг бус бидэнд үлдээсэн үнэт өв гэлтэй.
Ирээдүй бидэнд хундага дүүрэн дарсыг бэлдсэнгүй
Ирээдүй бидэнд аяга дүүрэн боломжыг олгожээ
Товчоор хэлвэл, эдүгээ цаг үе – бүс нутгийн энх тайван байдал, ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засаг нь монголчууд бидний хувьд оюун ухаан, өндөр мэдлэг боловсролд түшиглэн сэргэн мандаж, хөгжин дэвжих алтан боломж, гэрэлт ирээдүй болно.

Ном зүй :
Бор Ж.  “Монголын түүх ба хар хайрцагны бодлого ” , УБ., 2005
Жү яао тин “Чингис хааны шастир” , УБ., 2003
Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” , УБ., 2005
Марко Поло “Ертөнцийн элдэв сонин хачин”, УБ., 2001
“Монголын филотарист” сэтгvvл, УБ.:1997/N3(29), х.41-43
Окада Х.”Япон дахь монгол судлал” , УБ., 2002
Пүрэвдагва Х .”Чингис хааны менежмент”, УБ., 2004
Пэрлээ Х. “Хятан нар, тэдний монголчуудтай холбогдох нь”, УБ., 1959
“Монголын Нууц Товчоо”, /Сонгомол эх/  УБ., 2002 
Сүхбаатар Г. “Монголчуудын эртний өвөг” /Монголын эртний түүх судлал - I боть/, УБ., 2000
Сумъяабаатар Б. “Монголын нууц товчооны үсгийн галиг”, УБ., 1990
Цэвэл Я. “Монгол хэлний товч тайлбар толь”, УБ.,1966
Хүүхэнбаатар Д. “Монгол гүрний элчин харилцаа”, УБ., 1964
Н.Энхбаяр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн нээлт  дээр МУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үг, 2006

2006 он

4 comments:

  1. Маш сонирхолтой бичжээ. Яг ингэж мэдээллийн технологийн үүднээс бичиж байсан зүйлийг огт уншиж байгаагүй юм байна.

    ReplyDelete
  2. Үнэхээрийн сонирхолтой илтгэл болжээ. Эзэн Чингис хааныгаа хоосон магтах бус бодит мэдээлэл мэдлэг дээр үндэслэн дүгнэсэн нь талархууштай болжээ...
    С.Өлзийбаяраа чамд амжилт хүсье!

    ReplyDelete
  3. Өлзийбаяртаа баяр хүргьеээ
    Манай програмын Өлзийбаяр мөн үү? Ёстой сонирхолтой илтгэл болжээ

    ReplyDelete
  4. Энэ илтгэлийг бичсэн Өлзийбаяртай хэрхэн холбогдох бэ? боломжтой бол холбогдох утас ч юмуу майл хаягаа үлдээнэ үү?
    Хамтарч ажиллах санал байна...

    ReplyDelete